
Хоёрдахь мянганы ес дэх оноо угтахаар халуун бүлээрээ баярын ширээгээ тойрон, үдэж буй оныхоо дурсамжаа хөөрөлдөж, угтан ирэх оныхоо хүсэл зорилгоо зөгнөн ярилцаж байгаа хийморь золбоот Монголчууд Та бүхэндээ Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн би уламжлал ёсоор шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлийн ерөөлийн хамт өргөн дэвшүүлье.
2008 он Та бидэнд урам зориг нэмсэн амжилт ялалт, ухаарал бодрол зэрэгцүүлсэн сургамж эргэцүүлэл аль алиныг нь үлдээж улиран одож байна.
Дэлхий дахиныг догдлоон донсолгосон өрнүүн их үйл явдлаар түүхийн цомгийг баяжуулсан, өнгөрч буй он манай орны хувьд Үндэсний хөгжлийн цогц бодлоготой, үндэстнээрээ дээдлэх Очирвани шүтээнтэй, Их Олимпын эрдэнийн таван медальтай гээд бахархаж, онцлон дурдах үйл явдал олонтой жил байлаа.